Спортын 11 төрлөөр Монгол Улсын нийслэлд шилдгүүдээ тодруулах Зүүн Азийн залуучуудын наадмын тэмцээн уралдаанууд өнөөдөр боксын төрлөөр эхэлнэ.
Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн 14.00 цагаас эрэгтэйчүүдийн 48, 51, 54, 57, 63.5, 67 кг, эмэгтэйчүүдийн 50, 54, 60 кг жингийн урьдчилсан шатны тоглолтууд явагдаж энэ удаагийн наадмын салхийг хагалах юм.
Тэмцээн Монгол бөхийн өргөөнд 4 хоног үргэлжилж энэ сарын 19-ний бямба гарагт шигшээ тоглолтууд болж алт, мөнгө, хүрэл медальтнуудаа тодруулна.
Боксын тэмцээнд нийт 43 тамирчин өрсөлдөж буй бөгөөд Монголоос 10 ширэн бээлийтэн дасгалжуулагч О.Батхүү, Т.Ганзориг, А.Бат-Очир Э.Гаваа нарын удирдлага дор хүч, ур чадвараа сорин тулалдах юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 54 кг-д Э.Номундарь, эрэгтэйчүүдийн 60 кг-д У.Алтангэрэл, 63.5 кг-д Ү.Баасандаш нар хүчээ сорихоор рингэнд гарах юм.
Харин Зүүн Азийн залуучуудын наадмын албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.08.16/ орой 20 цаг 23 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.