Орчуулагч, япон судлаач, багш Дэлэгийн Төмөрбаатар 2022 онд “Гайхамшигт жюүдо” ном гаргасан бөгөөд түүний дараагийн ном болох Япон үндэстний ёс зүйн цогц “Бүшидо” олны хүртээл болжээ.
Д.Төмөрбаатар нь Япон Улсын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий алтан туяа” зэрэглэлийн одонг 2015 онд хүртсэн япон судлаач багш юм.
Тэрбээр: “Монгол орон бөхийн орон, жюүдочид маань Монгол гэдэг нэрийг даян дэлхийд цуурайтуулж байгаа билээ. Би жюүдогийн мөн чанар, түүх, хөгжил дэвшлийн талаар, мөн түүнчлэн, жюүдогоор хичээллэгсэд яаж хүмүүжиж төлөвшдөг тухай Японы уламжлалт жюүдогийн түүхэн хөгжлөөр дамжуулан үзүүлэх зорилгоор “Гайхамшигт жюүдо” номыг бичиж хэвлүүлэн гаргасан билээ. Спортод дуртай хүн бүхэн уншихад зохих ном, хүүхэд залууст бэлэглэхэд бас зохимжтой. Шууд залгаж авбал номын дэлгүүрээс хямдхан. Түүнчлэн, уншигчдын байнга сонирхон асуудаг Бүшидо номыг ч авч болно” хэмээн нүүр хуудсандаа бичжээ.