Ханжоу хот /burged61.mn/. Азийн 19 дүгээр наадмын 3x3 сагсан бөмбөгийн төрөлд монгол сагсанбөмбөгчид мөнгө, хүрэл медаль хүртэж, Монголын багийн спортын төрлөөс сагсанбөмбөгчид баг алтан үсгээр бичигдэх шинэ түүхийн хуудас сөхлөө.
“Ханжоу-2022” Азийн наадамд өрсөлдсөн 3х3 эмэгтэй сагсанбөмбөгчид Тайвань улсын шигшээ багийг ялж, шигшээ тоглолтод шалгарсан. Тэд аваргын алтан медалийн төлөө Азийн зуны 19 дүгээр наадмыг зохион байгуулагч БНХАУ-ын хүчирхэг шигшээ багтай өрсөлдөж, 12:21-ээр ялагдал хүлээж мөнгөн медалийн эзэд болов.
Ийнхүү Азийн наадмын багийн спортын түүхэн дэх анхны мөнгөн медалийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо авчирч чадлаа.
Гэрэл зургийг Д.Амаржаргал /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
Харин 3x3 сагсанбөмбөгийн эрэгтэй баг энэ наадмын хүрэл медалийн төлөө БНСУ-ын багийг 21:20 харьцаагаар хожиж, Азийн наадмын багийн спортын анхных болсон хүрэл медалийн эзэд боллоо.
Монгол Улсын шигшээ баг тамирчид Ираны Тегеран хотод 1974 онд болсон Азийн 7 дугаар наадамд өрсөлдөж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 49 жилийн дараа буюу Азийн 19 дүгээр наадамд багийн спортын төрөлд анх удаа хос медаль хүртэж байна.