Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан туркчүүдэд туслах аянд нийслэлийн удирдлага, есөн дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон нэгдлээ.
Тодруулбал, нийслэлийн зүгээс байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахаар 35 гэр, 15 асар майхныг хандивлаж буйн эхний ээлжийн иж бүрэн 10 гэрийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешэд өчигдөр /2023.02.15/ хүлээлгэн өгөв.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш “Манай улсын зүүн, зүүн өмнөд мужид газар хүчтэй хөдөлсний улмаас 13 сая орчим хүнтэй бүсэд олон барилга байшин нурж сүйдэн, 30 мянган гаруй хүний амь эрсэдсэн. Эх оронд минь гарз хохирол учирсан энэ хүнд хэцүү цаг үед монгол ахан дүүс бидний уй гашуу, зовлонг хуваалцаж, эмгэнэл илэрхийлэн, тусалж дэмжиж байгаад гүн талархал илэрхийлье. НИТХ, НЗДТГ, нийслэлийн есөн дүүрэг болон нутгийн захиргааны байгууллагуудын өгч буй тусламжийг ард түмэндээ хүлээлгэн өгөх болно. Мөн учирсан гамшгийг богино хугацаанд даван туулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлье” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн хамт олны дэмжлэг, сэтгэлийн илэрхийлэл болгон эхний ээлжийн гэр, майхнуудыг хүлээлгэн өглөө. Эдгээр тусламжийг каргонд багтах хэмжээгээр хүлээн авч, агаарын тээврээр хүргэх юм байна. Монголчуудын халуун сэтгэлийн дэм, хандив хэрэгтэй хүмүүстээ хүрч, тус болно гэдэгт итгэж байгаа.
Мөн Туркийн ард түмэнд туслахаар өрнүүлж буй хандивын аяны тусламжийн гэрүүдийг Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах зөвшөөрлийг нийслэлийн зүгээс олгосон. Хандив, тусламжийг хоёрдугаар сарын 19 буюу ирэх ням гараг хүртэл төв талбайд хүлээн авна” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС