Сүмо бөхийн Миягино дэвжээний хувь заяа ирэх дөрөвдүгээр сард тодорхой болно. Тус дэвжээг одоохондоо Ошима дэвжээний Тамагаки ояката хариуцаж байгаа билээ.
Холбооноос гаргасан захирамжийн дагуу Исэгахама дэвжээнээс Миягино дэвжээний асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан. Тус шийдвэрт “Миягино дэвжээний бөхчүүдийг Исэгахама галын дэвжээнүүдэд тарааж, Миягино оякатаг бөхчүүдээс тусад нь Исэгахама дэвжээнд туслах оякатагаар томилно” гэж дурдсан байлаа. Тун хачирхалтай шийдвэр. Мэдээж дассан багш, андуудаасаа салж, өөр дэвжээнд очихыг хэн ч хүсэхгүй.
Тиймээс ч Миягино дэвжээний зарим бөх зодог тайлна гэж мэдэгдээд байв. Тэдний дунд Хакүхо өөрийн биеэр хайж элсүүлсэн гарын шавь нар олон бий.
Сүмогийн холбооноос Исэгахама галын дээрх шийдвэрийг буцааж, дахин хэлэлцэхийг тушаасан. Эх сурвалжийн мэдээлснээр Миягино дэвжээний бөхчүүдийг Асакаяма дэвжээнд шилжүүлэх тал дээр санал нэгдсэн байна. Энэ дэвжээг эзэмшигч нь озэки асан Кайо. Миягино дэвжээ одоо 20 бөхтэй. Бүгд дэвжээгээ дахин нээгдэх өдөр хүртэл Асакаяма дэвжээнд харьяалагдана. Их аварга Хакүхо буюу Миягино ояката тус дэвжээний туслах оякатагаар ажиллах юм.
Эх сурвалж: UB.LIFE М.Сугар-Эрдэнэ