Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний сүүлийн 15 дахь өдрийн /2023.03.24/ барилдаанд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдсан Такеруфүжи /М-17/ энэ башёд завсаргүй 11 давж, улмаар 2 унасан ч сүүлийн 2 өдөр дараалан давж Харү башёд түрүүлэн түүхэн амжилтыг тогтоолоо.
Харү башёгийн 15 дахь өдөр 12 даваатай ганцаараа тэргүүлж яваа Такеруфүжи /М-17/, Гонояама /М-6/-тай, барилдаж түүнийг ошитаоши мэхээр хаяснаар сумо бөхийн түүхэнд 110 жилийн дараа бичигдэх амжилтын эзэн боллоо. Тэрбээр Макүүчид анх удаагаа дэвшин барилдаад 13 даваа, 2 унаатай Түрүү бөхөөр тодорсон амжилтаар ийнхүү Японы эзэн хааны цом хүртлээ.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Оносато /М-5/-той барилдаж, түүнийг шитатэнаге мэхээр давснаар 11 даваа, 4 унаатай Харү башёг амжилттай өндөрлүүлж байна.
Харин Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Озэки Котоновака /М-6/-тай учраа тааран барилдаж, түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 5 даваа, 10 унаатай энэ башёг амжилт тааруухан дуусгаж байна. Түүний энэ өдрийн барилдаан монголчуудаа баярлуулсан гэдгийг онцлон хэлэх байна.
Мөн энэ өдөр хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Миёогирюү /М-15/-той барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 7 даваа, 8 унаатай башёг өндөрлүүлж байна.