Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел сангийн Монгол дахь төслийн зохицуулагч, доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд тус сангийн Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцохоос гадна 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн яам, Лаурел сан хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх нүдний мэс заслын ур чадварыг дэмжих сургалтын талаар ярилцав.
Лаурел сан нь 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд монголын нүдний эмч нарын эмчилгээний болон мэс заслын ур чадварыг бэхжүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан газарт оршин суудаг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм. Лаурел сангийн тусламжийн хүрээнд Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20,000 гаруй иргэнийг үзлэгт хамруулж, 1,750 гаруй өвчтөнд нүдний мэс засал хийсэн байна.