Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас "Авлигатай тэмцэх олон улсын форум"-ыг энэ сарын 25-27-ны өдөр зохион байгууллаа.
Тус форумд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан төлөөлөл оролцсон бөгөөд форумын эхний өдөр болсон “Ази-Номхон далайн бүс нутагт авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт салбар хуралдаанд Монгол Улсын авлигатай тэмцэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчны шинэтгэлийн талаар дэд сайд Б.Солонгоо танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцов.
Форумын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Нийтийн засаглал хариуцсан захирал Элса Пиличовски, Санхүү, хувийн хэвшлийн асуудал эрхэлсэн дэд захирал бөгөөд Авлигатай тэмцэх хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч Николас Пинау болон холбогдох албаны төлөөлөлтэй хоёр талт уулзалт хийж, авлигатай тэмцэх чиглэлд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлд хийж буй Монгол Улсын хүчин чармайлт, бодлогыг дэмжихээ илэрхийлж, Нийтийн албаны ёс зүйн хэмжүүр судалгаанд Монгол Улсыг оролцохыг урив.
Түүнчлэн авлигатай тэмцэх чиглэлд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, нэмэгдүүлэх сэдвийн хүрээнд АНУ-ын Төрийн департамент болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж буй Хувийн хэвшлийн олон улсын төв байгууллагын Засаглал, авлигатай тэмцэх асуудал эрхэлсэн захирал Франк Браун, зөвлөх Изабел Кэйн болон албаны төлөөлөлтэй хоёр уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.