МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /TASS/. Дэлхийн аваргатай тоглох өрсөлдөгчийг шалгаруулах халз тэмцээнд Энэтхэгийн шатарчин, 17 настай Гукеш Доммаражу түрүүллээ. Оросын шатарчин Ян Непомнящий гуравдугаар байрт орсон байна.
Канадын Торонто хотноо болсон уг тэмцээний сүүлчийн тойрогт Гукеш Доммаражу Америкийн шатарчин Хикару Накамурутай хараар тоглон хайнцжээ. Тоглолт 71 дэх нүүдэл дээр дууссан байна. Энэтхэгийн шатарчин 9 оноо авснаар өрсөлдөгчид нь, тэр дундаа Оросын шатарчин Ян Непомнящий түүнийг гүйцэх боломжгүй болсон байна. Оросын шатарчин сүүлчийн тойрогт Америкийн их мастер Фабиано Каруанатай тоглож хайнцжээ.
Өдгөө 17 настай Гукеш Доммаражу одоогийн аварга Хятадын их мастер, 31 настай Дин Лижэньтэй дэлхийн шатрын аваргын титмийн төлөө тоглоно. Тоглолт энэ онд болно.
Эмэгтэй шатарчдаас Хятадын их мастер Тань Жунъи 9 оноо авч түрүүлэн, дэлхийн аваргатай өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр сүүлчийн тойрогт Украины шатарчин Анна Музычуктай хайнцжээ. Тэдний тоглолт 36 дахь нүүдэл хүртэл үргэлжилсэн байна.
Өдгөө 32 настай Тань Жунъи бол дэлхийн шатрын 16 дахь аварга юм. 2018 онд тэрбээр одоогийн аварга, нутаг нэгт Жү Вэнжүнд хожигдсон юм. Хятадын хоёр шатарчин одоо шатрын аваргын титмийн төлөө халз өрсөлдөх бөгөөд тоглолт 2025 онд болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал