Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO)-аас зохиогчийн эрх, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг, бүтээн туурвигчдыг дэмжих зорилгоор энэ өдрийг тодорхой уриа дор тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “ОЮУНЫ ӨМЧ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ: ШИНЭ САНАА, БҮТЭЭЛЧЭЭР ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЦГЭЭЕ” уриа дор тэмдэглэж байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж заасан. Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг.
Соёлын яамнаас улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, оюуны өмч, зохиогчийн эрхийг соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбож бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байна.
Шинэ санаа, бүтээлч сэтгэлгээгээр шинэлэг ирээдүйг бүтээхийн төлөө мэдлэг оюунаа дайчилж буй бүтээн туурвигчдадаа Дэлхийн оюуны өмчийн өдрийн мэндийг дэвшүүлж, та бүхний бүтээлч байдал Монгол Улсын соёл, эдийн засаг, нийгмийг төлөвшүүлж, тогтвортой хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье.
Оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдэлцгээе.