ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 21 /Kyodo/. Японы Төлөөлөгчдийн танхим гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэх тухай маргаан дагуулсан хуулийн төслийг хэлэлцэн баталжээ.
Энэ хууль нь хүн ам хөгширч байгаагаас үүдэн ажиллах хүчний хомсдол нүүрлэж буй энэ үед хилийн чанадаас ирсэн ажилтнуудыг шинэ тогтолцооны хүрээнд удаан хугацаагаар оршин суухыг урамшуулах зорилготой юм.
Хөгжиж буй орнуудын ажилчдад ур чадвар олгох зорилгоор 1993 онд нэвтрүүлсэн Техникийн дадлагажигч ажилтан бэлтгэх хөтөлбөр хэмээх одоогийн хөтөлбөр нь хямд ажиллах хүчнийг импортлох халхавч гэх шүүмжлэлд өртсөөр иржээ. Түүнчлэн маш олон дадлагажигч хатуу ширүүн хандлага, цалингаа өгөөгүй гэх зэрэг шалтгааны улмаас оргон зугтах тохиолдол олонтоо гардаг байна.
Харин шинэ хөтөлбөрийн хувьд гадаадын дадлагажигчдыг тодорхой мэргэшсэн түвшинд хүртэл гурван жилийн хугацаанд хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд уг түвшинд шилжсэнээр тав хүртэлх жилийн хугацаанд оршин суух боломжийг олгох юм.
Хуулийн төсөлд, гадаадын жилчдыг аливаа байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан тохиолдолд тодорхой нөхцөлүүдийн дагуу нэг бизнесийн салбарын хүрээнд өөр өөр ажлын байранд шилжин ажиллах боломжийг олгох ажээ.
Ерөнхий сайд Кишида Фүмиогийн засгийн газрын сайшаасан уг хуулийн төслийг зургаадугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх парламентын чуулганы үеэр Зөвлөхүүдийн танхим батлах төлөвтэй байна. Хэрэв шинэ хууль батлагдвал олон нийтэд танилцуулснаас хойш гурван жилийн дотор хүчин төгөлдөр болно.
Түүнчлэн залилан хийдэг хорлонтой зуучлагчдаас ангижрахын тулд гадаадын ажилчдыг шилжүүлэх явцад хувийн компаниудыг оролцуулахыг хориглох талаар хуульд тусгажээ. Мөн гадаадын дадлагажигчдыг хүлээн авч буй хяналтын байгууллагууд хөндлөнгийн аудиторуудыг томилох ёстой болж байна.
2023 оны эцсийн байдлаар, мэргэжлийн ур чадвартай гадаадын ажилчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 59.2 хувиар өсөж, 208 мянгад хүрсэн бол техникийн дадлагын хөтөлбөрт хамрагдагсдын тоо 24.5 хувиар өсөж, 404 мянга орчим болсон гэж Японы Цагаачлалын алба мэдээлжээ.
Өнгөрсөн онд Японд оршин сууж буй гадаадын иргэдийн тоо 3.4 сая гаруй буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол Японы хүн ам 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар өмнөх оныхоос 595 мянгаар буурч, 124 сая 352 мянга болсноор 13 дахь жилдээ дараалан буурчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан