Азийн олимпын зөвлөл, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сантай хамтран зохион байгуулсан Тамирчдын форум Тайландын нийслэл Бангкок хотноо гуравдугаар сарын 18-19-нд боллоо.
Хуралд МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комиссын дэд дарга, гавьяат тамирчин Д.Сумъяа, комиссын зохицуулагч У.Дөлгөөнбаяр нар оролцов.
Хурлыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах видео мэндчилгээ илгээж нээв.
АОЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга хатагтай Микако Котани болон комиссын дэд дарга Икрам Таяаб нар ҮОХ-дын Тамирчдын комиссын хэрэгжиж буй төслүүдийн талаар болон тамирчдад тулгарч буй асуудлуудын талаах тойм мэдээ хүргэлээ.
ОУОХ-ны Тамирчдын комиссоос Athlete 365 хөтөлбөр, Эв санааны нэгдлээс ивээн тэтгэдэг хөтөлбөрүүдийн талаар илтгэл тавив.
Мөн Филиппин, Лаос, Шри-Ланка, Йемен улсын Тамирчдын комиссын төлөөлөгчид цар тахлын үеэр хэрэгжүүлсэн хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг хийж, туршлагаа хуваалцав.
Түүнчлэн ОУОХ-ны Тамирчдын комиссын гишүүн Надин Давани спорт дахь хүчирхийллээс хамгаалах талаар мэдээлэл өгсөн юм.
Хөтөлбөрийн төгсгөлд Олимпд оролцогч тамирчдад Олимпын наадамд оролцсоны батламжийг гардуулан өглөө.
Хурлын хоёр дахь өдөр МҮОХ-ны Тамирчдын комиссоос Тамирчдын дараах карьер сэдвийн хүрээнд хэрэгжүүлсэн төслийн талаар илтгэл тавьсан юм.
Мөн энэ өдөр спортын хууран мэхлэлтээс урьчилан сэргийлэх, допингийн эсрэг үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.