Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын холбооноос шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлыг хэмжих зорилготой Gender Equality in Chess Index (GECI)-ийн шинэ тайланг танилцуулжээ.
Энэхүү индекс нь дэлхийн шатрын холбоодын дунд жендэрийн тэгш байдлын түвшинг 0-100 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд оролцоо (participation), амжилт (performance), ахиц (progress) гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр тооцоолдог.
Судалгааны дүнгээр: Олон улсын шатрын холбоонд бүртгэлтэй 119 гишүүн орноос Монгол Улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр дэлхийд тэргүүлжээ.
Монголын ФИДЕ рейтингтэй идэвхтэй шатарчдын бараг 40 хувь нь эмэгтэй байгаа юм. Энэ нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт аж. Индексийг Монгол Улс 89.26 оноогоор тэргүүлж, Шри Ланка 86.99, Уганда 84.62 оноотой удаалав.
Тэгвэл АНЭУ 77 дугаар байраас 73 байраар урагшилж, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн том өсөлт байлаа. Мөн Мальдив 50 байраар урагшилж, 13-р байрт орсон байна. Тайлангаас харахад дундаж оноо бүс нутаг бүрд өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд Африк 67.6 оноогоор тэргүүлж, Ази 64.5, Америк 63.1, Европ 56.7 удааллаа. Хятад, Туркменистан, Тринидад ба Тобаго зэрэг 17 холбоо анх удаа чансаанд оржээ.
ФИДЕ-гийн Эмэгтэйчүүдийн комиссын дарга Анастасия Сорокина “2026 оны чансаанд бидний харж буй сайжруулалт бол хүчтэй дохио боловч бидний ажил дуусаагүй байна” хэмээн ярьсан байна. GECI индексийг ФИДЕ дэлхий даяарх шатрын холбоодод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хөгжлийн зорилт тодорхойлох статистик хэрэгсэл болгон ашиглаж байна.
Шатрын спортод эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн ч дэлхийн хэмжээнд эмэгтэй тоглогчдын тоо нийт шатарчдын дунд харьцангуй бага хэвээр байгаа бөгөөд ФИДЕ энэ зөрүүг багасгах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!