Саудын Арабын "Аль Насср " клубт алба хаах болсон Португалын домогт хөлбөмбөгчин Криштиану Роналду шинэ багийнхаа өмнөөс албан ёсны тоглолтод анхны гоолоо орууллаа. Саудын Арабын " Saudi Pro league"-ийн 15 дахь тойрогт КР7-ийн баг "Аль Фатех" багтай 2:2-оор тэнцэхэд тоглолтын сүүлчийн минутад 11 метрийн торгуулийн цохилтоос Криштиану Роналду тэнцээний гоолыг хийв.
Ийнхүү 2002 онд мэргэжлийн хөлбөмбөгчин болсноосоо хойш Роналду 22 жил дараалан гоол оруулжээ. Клубын түвшинд тэрбээр нийтдээ 702 гоол оруулснаас "Реал Мадрид" -д тоглохдоо 450, "Манчестер Юнайтед"-ийн бүрэлдэхүүнд байхдаа 145, " Ювентус"-т тоглохдоо 101, "Спортинг"-д байхдаа 5, "Аль Насср"-т ирээд нэг гоол оруулаад байна.
ФИФА-гийн клубүүдийн Дэлхийн цомын тэмцээн Марокко улсын Тангиер, Рабат хотноо эхэллээ. "FIFA Club World cup 2022"-т уламжлал ёсоор зургаан бүсийн( тивийн) аварга багууд болон зохион байгуулагч орны гээд нийт 7 клуб оролцож байна.
Өмнөд Америкаас Бразилийн алдар цуут "Фламенго", Хойд Америкаас АНУ-ын "Сиэтл саундерс", Европоос Испанийн "Реал Мадрид", Азиас Саудын Арабын "Аль Хилал", Африкаас Марокко улсын " Видад Касабланка", Египетийн " Аль Ахли", Далайн орнуудаас Австралийн "Окленд Сити" багууд оролцож буй бөгөөд "Аль Ахли" баг урьдчилсан тоглолтод "Окленд сити"-г 3:0, дараа нь "Сиэтл саундерс"-ийг 1:0 -ээр тус тус хожин хагас шигшээд шалгарлаа.
Мөн "Аль Хилал" баг торгуулийн цохилтоор 1:1(5:3) ялж хагас шигшээд үлдэв. Хагас шигшээд хоёрдугаар сарын долоонд "Фламенго"-"Аль Хилал"-тай, найманд "Реал Мадрид"-" Аль Ахли"-тай тус тус тоглон хожсон багууд аваргын төлөө хоёрдугаар сарын 11-нд Рабат хотноо тоглох юм.
Хөлбөмбөгчин, ер нь тамирчин хүний гол "Дайсан" бол гэмтэл бэртэл байдаг. Ганц гэмтэл, бэртлээс болоод бүх замналаа ч алддаг тохиолдол бишгүй. Одоо үеийн хөлбөмбөгчдөөс гэмтэл, бэртлээс салдаггүй топ тоглогчдын тоонд Бельгийн шигшээ, Испанийн "Реал Мадрид" багийн Эден Азар, Францын шигшээ, Испанийн "Барселона" багийн Усман Дембеле нар орно. Дембеле "Барса"-д ирснээсээ хойш 16 дахь бэртлээ авч( зүүн гуяны арын булчин) таван долоо хоног жагсаалаас гарах болсон бол Эден Азар "Реал"-д 18 дахь гэмтэлээ (өвдөг) авч дор хаяж 2 долоо хоног талбайд гарах боломжгүй болжээ.
Спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин Таван цагариг сонин