Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2023" Азийн XIX наадам 14 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Ханжоугийн LA Sports Centre Tower C ордонд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд хүчээ сорьсон ОУХМ Т.Тулга Азийн наадмын алтан медалийн болзол хангаж, Монголын багийн энэ наадмын Монгол Улсын 2 дахь аварга тамирчин боллоо.
"Ханжоу-2022" Азийн XIX наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ЦЕГ-ын Хүч спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга аваргын алтан медалийн төлөө Дэлхийн аварга Ираны Рахман Амузид Халилитай барилдаж 11:1-ээр ялж, ийнхүү Азийн наадмын алтан медаль хүртэж байна.
Гэрэл зургийг Ч.Ганбат, Э.Харцага /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
Тэрбээр жиндээ Казахстаны Мухтар Санжарыг 10:0-ээр, БНАСАУ-ын тамирчин Кванжин Ким /KIM Kwangjin/ ийг 11:0-ээр, Камбожийн бөх Еон Бунна /YON Bunna/-г 10:0-ээр, аваргын төлөө Ираны бөх Рахман Амоузадхалили /AMOUZADKHALILI Rahman/ 11:1-ээр тус тус ялж, ийнхүү Ханжоугийн наадмын аваргын тавцанд гарч Төрийнхөө далбааг мандуулахаар боллоо.
Түүнчлэн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг жинд ОУХМ Н.Насанбуян, хүрэл медалийн төлөө Киргизийн бөх Бекзат Алмаз Уулу /Almaz Uulu Bekzat/-тай хүчээ сорин барилдаж 8:2-оор ялж, Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.
Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө Казахстаны тамирчин Елена Шалыгина /SHALYGINA Yelenе/-г 10:6-гаар ялж Азийн наадмын Монголын шигшээ багийн хүрэл медальт тамирчны тоог нэгээр нэмлээ.
Өнөөдөр Монголын баг тамирчдаас 1 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 2 алт, 4 мөнгө, 12 хүрэл медаль хүртэн 18 медальтай болоод байна.
Ингэснээр энэ өдрийн 21 цагийн байдлаар Азийн XIX наадамд өрсөлдөж байгаа 45 орноос медалийн тоогоор 22 дугаарт, медалийн чанараар 15 дугаарт бичигдсэн амжилт үзүүллээ.