Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр нараар ахлуулсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох гуравдугаар шатны үзлэгийг зохион байгуулж байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргааны хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцал ажиллаж байгаа юм.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэл, алслагдсан сум орон нутагт алба хааж буй цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг улам сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой тус үзлэгийн нээлт Баян-Өлгий аймгийн төв талбайд боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Араман, түвшин тогтоох үзлэгийг явуулах ажлын хэсгийн гишүүд болон Өлгий цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид оролцсон юм.
Бригадын генерал Д.Баасандамба үздэгт хамрагдаж буй алба хаагчдад хандан хэлсэн үгэндээ “Та бүхэн эх орныхоо алс баруун хязгаар, байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт ажиллаж амьдарч буй энэ цагийн эгэл баатрууд билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит энэхүү үзлэг явагдсанаар мөрдэстэй алба хаагч бүрийн албаны ёс зүй улам бэхжиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа итгэх итгэл нэмэгдэх учиртай” гэдгийг тодотгоод үзлэгт хамрагдаж буй нийт алба хаагчдад амжилт хүслээ.