НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 22 /OANA/. Хиймэл оюун ухааныг ашиглахдаа найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх удаагаа баталлаа.
НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн бүх зорилтод хүрэхийн тулд дижитал шилжилтийг дэмжих, түүний ашиг тусыг тэгш хүртэхэд “аюулгүй, найдвартай, баталгаатай хиймэл оюун ухааны системийн стандарт шаардлагатай” гэдгийг тогтоолд онцлон тэмдэглэжээ.
Энэхүү баримт бичигт “олон улсын хүний эрхийн хууль тогтоомжийн дагуу ашиглах боломжгүй хиймэл оюун ухааны системийг ашиглахаас татгалзах эсвэл ашиглахаа зогсоохыг” НҮБ-ын гишүүн улсуудад уриалсан байна.
Өнгөрсөн 12 дугаар сард “хүний оролцоогүйгээр ажилладаг үхлийн аюултай автомат зэвсгийн системийн хөгжүүлэлтээс үүдэн тулгарч буй сорилтыг олон улсын хамтын нийгэмлэг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг” онцолсон тогтоолыг баталсны дараа дээрх тогтоолыг гаргажээ.
Мөн хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэргэд байгуулсан ажлын хэсэг хэлэлцсэн байна. Хиймэл оюун ухааны тухай тогтоолыг батлуулахад идэвхтэй оролцсон улс орнуудад дотор АНУ, Япон байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан