ДЕНВЕР, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /new-science/. Швейцарын "Стадлер" компанид зохион бүтээж угсарсан "Flirt H2" устөрөгчийн түлшээр ажилладаг галт тэрэг түлш дахин цэнэглэхгүйгээр хамгийн хол замыг туулсан амжилтаар Гиннесийн дээд амжилтын номд бичигджээ.
Тус компани "Flirt H2" галт тэргээ 2022 онд Берлин хотноо болсон "InnoTrans" үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулж байсан бөгөөд анх Швейцарт туршсаны дараа АНУ-ын Колорадо муж улс дахь ENSCO компанийн тусгай зориулалтын талбайд туршсан байна. Уг галт тэрэг нь аккумулятороос гадна агаар дахь хүчилтөрөгчтэй химийн урвалд орж устөрөгчийг эрчим хүч болгон хувиргадаг төхөөрөмжөөр тоноглогджээ.
Дэлхийн дээд амжилт тогтоох аялал өнгөрсөн сарын 20-ны орой туршилтын талбайд эхэлж, 22-нд амжилттай дууссан байна. Галт тэрэг нэг удаагийн цэнэглэлтээр 46 цаг гаруйн хугацаанд 1741.7 бээр (2803 км) замыг туулсан байна.
Ийнхүү уг галт тэрэг Гиннесийн дээд амжилтын номд орсон, "Стадлер" компанид үйлдвэрлэсэн устөрөгчөөр ажилладаг хоёр дахь галт тэрэг боллоо. Тус компанийн "Flirt Akku" гэдэг галт тэрэг 2021 оны 12 дугаар сард Германд 224 км замыг туулж, дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал