"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд 11 спортын төрлөөр Монгол Улсын нийслэл хотноо зохион байгуулна.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нийслэлийн удирдлагуудад мэдээлэл өглөө.
Тэрбээр: “Зүүн Азийн олимпын хороонд наадмын бэлтгэл ажлын тайланг сар бүр онлайнаар илтгэж байгаа. Мөн наадмын дэргэд Хот, Олимп, Спорт гэсэн гурван дэд хороо байгуулсан. Өдгөө наадмыг олон нийтэд сурталчлах, таниулах арга хэмжээг зохион байгуулж буй. Түүнчлэн эсээ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Мөн наадмыг сурталчлах спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Наадмын хөтөлбөрт багтсан төрлүүдийн тест тэмцээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Наадмын хүрээнд 1500 орчим хүнийг хамруулсан 30 гаруй сургалтыг зохион байгуулж, наадамд ажиллах хүний нөөц, сайн дурын ажилтнуудыг чадавхжуулна. Сайн дураар ажиллахаар Монголоос 1950, гадаадаас 120 гаруй хүн сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн. Тэмцээнийг 10 гаруй барилгад зохион байгуулна” гэлээ.
Наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэн, хаалтыг Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөжээ. Наадамд 1500 гаруй тамирчин оролцож, нийт 2700 орчим хүн тэмцээнийг зорьж ирэх төлөвтэй байна.