ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, боловсролын сайд П.Наранбаяртай албан уулзалт хийж, хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Уулзалтаар МҮОХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй Олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөр буюу OVEP хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд багачуудад Олимпын соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үр дүнг нэмэгдүүлэх талаар зөвлөлдлөө.
Түүнчлэн МҮОХ-ноос ОУОХ-нд 2030 онд Залуучуудын олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлт гаргаж байгааг дурдаж, Залуучуудын олимпын наадмаар спортын тэмцээнээс гадна соёл, боловсролын хөтөлбөрүүд түлхүү хэрэгжүүлдгийг онцлов.
Боловсролын сайд П.Наранбаяр Олимпын үнэт зүйлс болох Хүндлэл, Нөхөрлөл, Шилдэг чанар нь хувь хүний хөгжилд чухал ач холбогдолтойг онцолж цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.
ОУОХ-ноос санаачлан боловсруулсан OVEP хөтөлбөр нь 20 дахь жилдээ төгөлдөржиж, дэлхийн 60 гаруй орон амжилттай хэрэгжиж байгаа билээ.
OVEP нь боловсролын сэдвүүдийг хүүхэд, өсвөр үеийнхний эерэг хөгжлийн зарчмуудтай хослуулсан байдлаар спорт, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хэлбэрээр хэрэгжүүлдгээрээ хүүхдийн нийгэм, танин мэдэхүй, бие бялдар, сурлага, хүмүүжил, төлөвшилд хамгийн тохиромжтой сургалтын арга зүйн хэв загварт тооцогдож байна.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!