ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 20 /Kazinform/. Америкийн биотехнологийн "Colossal Biosciences" компани бүрэн хиймэл өндөгнөөс анх удаа дэгдээхэйг амжилттай гаргаж авсан тухайгаа мэдэгджээ.
Эрдэмтэд 3D хэвлэгчээр хальс "хэвлэн гарган авснаас" гадна, үр хөврөлийг хүчилтөрөгчөөр хангаж, түүнийг шувууны өндөгний хальс шиг хамгаалдаг мембраныг био-инженерчлэлийн аргаар бүтээжээ. Энэхүү технологи нь ховордсон шувуудыг хамгаалах, цаашлаад устаж үгүй болсон төрөл зүйлүүдийг "дахин амилуулахад" чухал алхам болно гэж судлаачид хэллээ.
Энэхүү төслийг анх Шинэ Зеландад устаж үгүй болсон, 3.5 метр хүртэл өндөртэй аварга "Моа" (giant moa) шувууг "дахин амилуулах" зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ. Моа шувууны өндөг асар том хэмжээтэй тул байгаль дээр түүнийг орлон тээх (тээгч эх) тохиромжтой шувуу байхгүй байсан тул судлаачид инкубацийн цоо шинэ системийг эхнээс нь боловсруулжээ.
"Colossal Biosciences" компанийн судлаачдын баг "зүгээр нэг өндгийг дуурайж хийгээгүй, харин эхнээс нь шинээр зохион бүтээсэн" хэмээн тус компанийн тэргүүн Бен Ламм мэдэгдээд, энэхүү амжилтыг био-инженерчлэлийн салбар дахь "хамгийн чухал түүхэн үе шат" гэж тодорхойлсон байна.
Мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар, хиймэл хальс бүтээх нь туйлын нарийн төвөгтэй ажил юм. Учир нь өндөгний хальс нь үр хөврөлийг хамгаалахын зэрэгцээ хийн солилцоог маш нарийн зохицуулдаг ажээ. Эхний үр хөврөлүүд хиймэл өндөгний дотор хэдэн долоо хоногийн турш бойжсоны дараа амжилттай хагарч гарсан байна.
Бусад орны эрдэмтэд энэхүү үр дүнг гайхалтай хэмээн мэдэгдсэн бөгөөд үүний зэрэгцээ уг судалгаанд хараат бус шинжлэх ухааны дүгнэлт, хөндлөнгийн хяналт хийх шаардлагатай гэдгийг дурдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!