Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол орны нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 99 хувь нь Монгол Улсын, нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна.
Харин аль нэг улсын харьяалалгүй 18 хүн байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Монгол Улсад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж буй гадаадын харьяат иргэд 2025 оны тооллогоор 35 446 болж, 2020 оныхтой харьцуулахад 58.1 хувиар нэмэгджээ.
Монгол Улсад 2020-2025 онд оршин суугаа гадаадын иргэдийн бүтцэд БНХАУ-ын иргэдийн эзлэх хувь 41.7 хувиас 60.1 хувь болж нэмэгдсэн тул бусад улсын иргэдийн хувь багасаж, гадаадын иргэдийн бүтэц өөрчлөгджээ.
Тухайлбал, ОХУ, БНСУ, АНУ-ын иргэдийн хувь 2020 оны тооллогын үед 10 хувь орчим байсан бол энэ удаад 3.2-8.5 хувь болж багасжээ.
Монголд амьдарч буй гадаад иргэдийн дийлэнх нь нийслэлд төвлөрч байгаа ч өмнөх тооллогынхтой харьцуулахад буурч (77.9 хувиас 64), зарим аймагт гадаадын иргэдийн тоо нэмэгджээ. Тодруулбал, Дорноговь (1 хувиас 10.9), Төв (0.6 хувиас 5), Өмнөговь (5.6 хувиас 7.3) аймагт гадаадын иргэд олноор амьдарч байгаа нь орон нутгийн эдийн засгийн идэвхжил, ялангуяа уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн бүстэй уялдан өөрчлөгдөж байгаатай холбоотой юм. Харин хүн ам цөөн, эдийн засгийн идэвхжил бага Увс, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Булган аймагт гадаадын иргэд суурьших нь бага байна.
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор Монгол Улсын харьяат хүн ам 3 589 826 болсон билээ. Манай улсын суурин хүн амын 83.4 хувь нь халх байгаа нь өмнөх тооллогоос 0.4 нэгж хувиар багассан бол казахуудын хүн амд эзлэх 3.8 хувь нь хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Оюундэлгэр

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!