ФИЛАДЕЛЬФИ. /TASS/. Америкийн молекулын биологичид ХДХВ-ээр халдварласан эсийг "цэвэрлэхийн" хажуугаар эрүүл дархлааны эсийн ДНХ-г вирусийн дайралтад тэсвэртэй болгодог генийн хос эмчилгээний аргыг боловсруулжээ.
Энэхүү аргыг Нобелийн шагнал хүртсэн генийг засварлах аргад (CRISPR/Cas9) тулгуурлан боловсруулсан гэж Филадельфи хот дахь Темплийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнд ХДХВ-ний халдвартай өвчтөнүүдийг амжилттай эмчилсэн түүхүүд эрдэмтдийг уг вирусээс бүрэн ангижрахын тулд зөвхөн бие махбодыг вирусээс цэвэрлээд зогсохгүй дархлааны эсүүдээс CCR5-ийн бүх рецепторыг устгах шаардлагатай гэж үзэхэд хүргэсэн байна. "Эцэст нь бид CRISPR/Cas9-д суурилсан генийн эмчилгээний аргын тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодог илүү хялбар бөгөөд амьдрал дээр хэрэглэх боломжтой процедурыг боловсруулсан" гэж Темплийн их сургуулийн профессор Камель Халили ярьжээ.
Генийн эмчилгээний аргаа эрдэмтэд хүний дархлааны эсийн өсгөвөр дээр туршиж үзсэнийхээ дараа дархлааных нь тогтолцоог хүнийхтэй хэсэгчлэн төстэй болгосон хулганы биед үзүүлэх нөлөөг ажиглажээ. Ингэхийн тулд биологичид мэрэгч амьтдыг ХДХВ-ээр халдварлуулж, халдварын архаг хэлбэр үүсэхийг хүлээж, түүнийгээ ретровирусний эсрэг эмийн тусламжтайгаар дарангуйлж, генийн эмчилгээгээ хийсэн байна. Эрдэмтэд энэ аргаа ойрын үед хүн дүрст мичнүүд дээр туршихаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг Д.Жаргал