Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөлөө.
БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаар ахлуулсан Улсын комисс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хангасан гэж үзээд, улсын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар тус төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авав.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь жилд 15-20 сая тн ачаа тээх хүчин чадалтай, гол замын даац 25 тн, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий гуравдугаар зэрэглэлийн зам юм. Тус төмөр замыг Монгол инженер, техникийн ажилтнууд бие даан бүтээн босгосон үндэсний бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтойг ЗТХЯ мэдээллээ.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын дагуух бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайн экспортыг дэмжинэ. Мөн авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг хоёр дахин бууруулж, хоёр мянга орчим ажлын байр нэмэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.
Тус төмөр замыг барихад 837,6 мянган ширхэг бетон дэр, бэхэлгээ, 871 км шилэн кабель суурилуулж, 25,1 сая метр куб газар шорооны ажил хийжээ. Төмөр замын трассын дагуу 595 ш гүүр хоолой барьж, 22 мянган метр.кв барилга байшин ашиглалтад оруулан дэлхийд тэргүүлэгч SIL4 шаардлага хангасан БНСУ-ын дохиолол холбооны систем суурилуулж, MNS6229:2010 стандартад нийцсэн ачааны хүнд даацын төмөр замыг бүрэн ашиглалтад оруулсан байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллан, үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр гээд нийт 10 мянга гаруй хүн гар бие оролцжээ.