ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 16 /CNBC/. Америкийн “Apple” компани шинэчлэгдсэн M5 чип бүхий шинэ “MacBook Pro”, “iPad Pro”, “Vision Pro” загваруудаа лхагва гарагт танилцууллаа. Шинэ чипийн тусламжтайгаар эдгээр нь өмнөх төхөөрөмжүүдээсээ илүү хурдан ажиллах боломжтой болжээ.
Шинэ “MacBook Pro” зөөврийн компьютерын загваруудын үнэ 1599 ам.доллароос эхлэх бол 11 инчийн “iPad Pro”-гийн үнэ 999 ам.доллароос эхэлнэ. Харин хамгийн сүүлийн үеийн “Apple Vision Pro” төхөөрөмжийн үнэ нь 3499 ам.доллароос эхэлж байна. Шинэ төхөөрөмжүүдийг одоо ихэнх зах зээлд урьдчилан захиалах боломжтой болсон бөгөөд 10 дугаар сарын 22-нд худалдаанд гарна.
Эдгээр нь “Apple”-ийн намрын танилцуулгын ээлжит шинэ бүтээгдэхүүнүүд болж байна. Тус компани “iPhone 17” гар утас болон “Apple Watch Series 11” ухаалаг цагны загваруудаа есдүгээр сард худалдаанд гаргасан билээ. “Apple”-ийн хувьд 10-12 дугаар сар бол Зул сарын баяраар хүмүүс олноороо дэлгүүрээр үйлчлүүлдгээс үүдэн хамгийн өндөр борлуулалттай байдаг улирал юм. Тийм ч учраас тус компани намрын улиралд хамгийн их борлуулагддаг бүтээгдэхүүнүүдээ шинэчилдэг уламжлалтай.
Шинэ төхөөрөмжүүд нь “Apple”-ийн M5 чипээр тоноглогдсон бөгөөд өмнөх M4 чиптэй харьцуулахад тооцооллын хамгийн дээд үзүүлэлтийг нь дөрөв дахин нэмэгдүүлсэн байна. Тус компанийн техник хангамжийн технологи хариуцсан дэд ерөнхийлөгч Жони Сружигийн хэлснээр, M5 нь хиймэл оюуны ажиллагааг ихээхэн сайжруулах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!