Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын башё буюу хаврын тэмцээний 4 дэх өдрийн /2023.03.15/ барилдааныг тоймыг та бүхэнд танилцуулж байна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Хокүсейхо Э.Даваанинж /М-15/, нутгийн ах Миторюү М.Төрболд /М-17/-той учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан /М-16/, Дайшохо /М-13/-той барилдан түүнийг ёрикири мэхээр хаяснаар, тэд адил 3 даваа, 1 унаатай болов.
Азүмарюү С.Тодбилэг /М-11/ энэ өдөр Хирадоүми /М-9/-тэй таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж 4 унаатай боллоо.
Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 4 дэх өдөр /2023.03.15/ энэ башёгийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/, нутгийн дүү Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэнтэй учраа таарч, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 унаа, 1 даваатай байгаа бол Хошёорюү 2 даваа, 2 унаатай болоод байна.
Харин энэ өдөр Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн Комүсүби Вакамотохару-тэй таарч барилдан түүнийг окуридаши мэхээр давснаар 3 дахь даваагаа авлаа.
Энэ башёд Их аваргад горилж байгаа Озэки Такакейшёо энэ өдөр Аби /М-2/-д хатакикоми мэхээр ойчиж 2 унаатай болсон бол Аби 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.