Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жил, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан “Их жанжин Д.Сүхбаатар: Архивын баримтын өв” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран тус сургуулийн байранд зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгөөс Их жанжин Д.Сүхбаатарын ураг удам, бага идэр нас болон цэргийн сургуульд сурсан, улс төрийн амьдралд идэвхийлэн оролцсон, ардын хувьсгалт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх үйл ажиллагаа, мөн Их жанжин Д.Сүхбаатарын дурсгалыг мөнхжүүлэх үйл хэрэгт холбогдох 90 гаруй баримт, гэрэл зургийг дэлгэн олон нийтэд танилцууллаа. Тус үзэсгэлэнг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан нар нээн үг хэлж, нээлтэд холбогдох албан тушаалтнууд болон Аюулгүй байдлын сургууль, Цэргийн нэгдсэн сургуулийн сонсогч оюутнууд оролцлоо.