Монгол Улсын нийслэлд энэ сард хоккейн олон улсын ч тэмцээн зохион байгуулах бөгөөд Ази, Далайн бүсийн орнуудын 18 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн “Степпе арена”-д явагдаж, Монголын шигшээ амжилттай тоглосон.
Улмаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд ДАШТ-ий IV дивизионы тоглолтуудыг “Степпе арена”-д зохион байгуулах юм.
Эдгээр тэмцээнийг зохион байгуулахаар манай эх оронд хүрэлцэн ирээд буй Олон улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Айваз Оморкановыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар пүрэв гарагт Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олон улсын хоккейн холбооны спорт хөгжлийн мэргэжилтэн Харалд Спрингфелд, Монголын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч, шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр нар байлцлаа.
Уулзалтын үеэр ноён Оморканов монголчууд хоёр том тэмцээн дараалан зохион байгуулж буйд сэтгэл хангалун байгаагаа илэрхийлж, Олон улсын хоккейн холбоо цаашид Монголын хоккейн спортыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн энэ үеэр хоккейн спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн ноён Айваз Оморканов, Харалд Спрингфелд нарыг “Олимпын алдар” одонгоор шагнасныг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.