
“MONGOL GRANDPRIX MX LEAGUE 2026” мотокроссын лигийн албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.05.21/ Монголын үндэсний олимпын хорооны байранд боллоо.

Энэхүү хэвлэлийн бага хуралд Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх, Зохион байгуулах хорооны төлөөлөл, Лигт оролцох багуудын төлөөлөл оролцож шинэ улирлын формат, хуваарь, тэмцээний онцлог болон энтертайнмент хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

“MONGOL GRANDPRIX MX LEAGUE 2026” уралдаан нь Монголын мотокроссын спортын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой үндэсний хэмжээний лиг бөгөөд зуны турш нийт 5 гараатай зохион байгуулах юм байна. Эхний гараа 2026 оны 6 дугаар сарын 6–7-нд Төв аймгийн Зуунмод хот, Эрдэнэ уулын мотокроссын зам дээр болно.
Уралдаанд 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, Open ангиллаар явагдах бөгөөд мэргэжлийн тамирчид, өсвөрийн тамирчид болон сонирхогчдыг хамарсан өргөн хүрээний оролцоотой гэдгээрээ онцлог байх юм.

450сс буюу мэргэжлийн тамирчдын ангилалд багийн систем нэвтрүүлж, баг бүр 3 үндсэн, 1 сэлгээний тамирчинтай өрсөлдөх бөгөөд гараа бүрт оноо цуглуулж, нийлбэр дүнгээр шилдэг тамирчид болон багууд тодорно.

Тус лиг нь зөвхөн спортын тэмцээн бус энтертайнмент фестивал хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд үзэгчдэд зориулсан шоу, хамтлаг, дуучдын тоглолт, нэмэлт арга хэмжээнүүд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болно. Мэргэжлийн тамирчдын уралдах 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг байна гэж Зохион байгуулагчид мэдээллээ. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр багуудын төлөөлөл шинэ улиралд өрсөлдөөн өндөр түвшинд өрнөнө гэдгийг онцолж, үзэгчдийг талбай дээрээс уралдааны уур амьсгалыг мэдрэхийг урив.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!