ХОНКОНГ, 2024 оны хоёрдугаар сарын 15. /SCMP/. Ургамлын генийг засварлаж, ген өөрчлөгдөх явцыг хэд дахин хурдасгадаг шинэ аргыг Хятадын эрдэмтэд нээжээ.
Ийм судалгааг Шэньжэнь хотын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Шинэ аргыг боловсруулахдаа ДНХ-ийн гинжин хэлхээг таслан салангид хэсгүүдийг нь өөр генээр солих боломжийг олгодог CRISPR/Cas молекулын мэс заслын технологийг ашиглажээ. Генийг засварлахад ихэвчлэн хэдэн сар, зарим тохиолдолд нэг жил хүртэлх хугацаа шаарддаг.
Харин Хятадын эрдэмтдийн боловсруулсан шинэ арга нь энэ асуудлыг илүү үр дүнтэй, хурдан шийдвэрлэж, генийг өөрчлөхөд шаардагдах хугацааг хоёр долоо хоног болгон богиносгох ажээ. Шинэ аргын гол зарчим нь генетикийн засваруудыг зөв эсүүдэд хүргэх явдал юм.
Тодруулбал, ургамлын хамгийн нөхөн төлжих чадвартай хэсгийг таслан авч, түүнийгээ тусгай уусмалд хийх бөгөөд үүний дараа ургамлын эд сэргэж, үргэлжлэн ургах юм. Энэ аргыг "таслах, дүрэх, нахиалах" (CDB) гэж нэрлэжээ.
Ихэнх ургамал ийм аргад тохиромжгүй байдаг нь генийг оновчтой засварлах аргыг хөдөө аж ахуйн салбарт өргөнөөр нэвтрүүлэхэд тулгарч байгаа гол бэрхшээл юм. "Ургамлын генетикийг өөрчлөхөд нарийн мэргэжлийн ажиллагаа шаардагддаг тул олон саад бэрхшээл тулгардаг. Одоогийн байдлаар маш цөөхөн ургамлыг генетикийн хувьд засварлах боломжтой" гэж шинэ аргыг боловсруулсан судалгааны багийн эрдэмтэн Цао Шюэсун ярилаа. Тэрбээр "CDB" аргыг генийг засварлах универсал арга болох боломжтойг онцлов.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал