НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй Мозамбик Улсын санаачилгаар 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал: 1325 тогтоолын 25 жилийн ойг угтах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болов.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт үг хэлж оролцлоо.
Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс 2000 онд 1325 тоот тогтоолыг баталсан нь Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудал, хөтөлбөрийг урагшлуулахад чухал түлхэц болсныг цохон тэмдэглээд Монгол Улс уг тогтоолын хэрэгжилтийг хангахын төлөө үргэлжлүүлэн ажиллахыг нотлон илэрхийлсэн.
Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оролцож буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж ирсэн гээд 2022 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь” олон улсын бага хурлыг цаашид таван жил тутам болгон тогтмолжуулж, эмэгтэй энхийг сахиулагчдад тулгамдаж буй сорилт, саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, харилцан туршлага, сургамжаа солилцдог олон улсын индэр болгохоор зорьж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар ирэх 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгааг танилцуулав.
Нээлттэй хэлэлцүүлэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Олон улсын улаан загалмайн хорооны ерөнхийлөгч Мирьяна Спольярич, Африкийн холбооны төлөөлөгч Бинета Диоп, Нобелийн шагналт Лаймах Гбови болон 90 гаруй гишүүн улсын төлөөлөгчид оролцсон.