Даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж автозамын зорчих хэсгийг ихээр эвдэж байгаа явдал нь иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насаа алдах эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Манай улсад мөрдөгдөж буй “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартаар нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн.
Тус стандартыг аль ч улиралд мөрдөн ажиллах бөгөөд авто зам хэрэглэгчдийн дунд хавар газар гэсэх, намар газар хөлдөх үед тус стандартыг мөрдөж ажиллах бусад тохиолдолд стандартыг баримтлах шаардлагагүй гэсэн буруу ойлголттой байна.
Өвлийн улиралд газар хөлдөж хөшүүн чанартай болсон үед хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход деформаци үүсэж замын зорчих хэсэгт хагарал, овойлт үүсдэг. Хавар газар гэсэх үед газрын хөрс хэв гажилтад орж хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход замын зорчих хэсгийн хагарал нэмэгдэж, суулт өгч томоохон хэмжээний нүхэн эвдрэлүүд ихээр үүсдэг.
Иймд А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн 53 дахь км /Дондогийн булаг/-т зөөврийн пүү ашиглан Могойн голын нүүрсний уурхайгаас Завхан, Архангай аймгийн нутгаар дамжин Булган аймгийн нутаг руу орж ирж байгаа тээврийн хэрэгслийн даацад хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төвтэй хамтран даац хэтрэлттэй 10 гаруй машиныг түр саатуулаад байна.
Эх сурвалж: "Булган АЗЗА"ТӨХК