ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 4 /DW/. АНУ-ын Небраска муж улсад бямба гарагт болсон “Berkshire Hathaway” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр оны эцэс гэхэд 1.1 их наяд долларын үнэлгээтэй конгломератын гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорно гэдгээ Уоррен Баффет мэдэгджээ.
Тэрбумтан хөрөнгө оруулагч “Berkshire Hathaway”-ийн удирдах албан тушаалыг 1965 оноос буюу нэхмэлийн үйлдвэр байх үеэс нь хашиж эхэлсэн юм. Дараа нь тэрбээр янз бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг худалдан авснаар өдгөө уг конгломератыг хөрөнгө оруулагчид, зах зээлийн ажиглагчид гээд хэн бүхний мэдэх эдийн засгийн хүчирхэг төв болгож чадсан билээ.
Хөрөнгө оруулалтын ухаанаараа гайхагддаг У.Баффет өдгөө 94 насандаа дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг болсон бөгөөд тэтгэвэрт гарах бодолгүй байгаагаа илэрхийлж байсан удаатай. Тэрбээр дэд ерөнхийлөгч Грег Абелийг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилуулахаар ТУЗ-ийг хуралдуулна гэдгээ мэдэгджээ. Небраскагийн Омаха хотод болсон хурлын төгсгөлд хийсэн У.Баффетийн мэдэгдэл олон хүнийг гайхшруулсан бөгөөд тэрбээр ТУЗ-ийн гишүүдэд урьдчилж мэдэгдээгүй гэдгээ хэлсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!