Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар тогтоосон харьяаллын хүрээнд Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэгт хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ чиг үүргийн хүрээнд агентлагийн даргын А/24 дугаартай тушаалаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулах ажлын хэсэг 21 аймагт ажиллаж байна.
ШӨХТГ-ын ОНХАГ-ын дарга М.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл, Булган, Орхон аймагт сургалт зохион байгууллаа.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.13-т “Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 46.13, 48.1.7, 48.7-д хяналт тавьж ажиллана.” гэж заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газар, тухайн орон нутгийн радио, телевиз, интернэтийн үйлчилгээ эрхлэгч, намуудын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан болон холбогдох албан тушаалтнуудыг хамруулан сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
Мөн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг төрийн байгууллагын төлөөллийг цахимаар сургалтад хамруулж чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллах хуулийн заалт тус бүрийг нарийвчлан танилцуулж, тэдний асуултад хариулт өглөө.