“Парис 2024” зуны 33 дугаар олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргалд шөвгийн наймд Бээжин, Токиогийн олимпын хүрэл, Лондон, Риогийн олимпын мөнгөн медалт, ДАШТ-ий 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай Азербайжаны 35 настай Мариа Стадниктай барилдаж 3-4 харьцаагаар ялж монгол түмнээ догдлуулав.
Улмаар хагас шигшээд Д.Отгонжаргал Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт АНУ-ын 30 настай Сара тай барилдаж 5-0 харьцаагаар ялагдал хүлээснээр олимпын хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Тус барилдааны явцыг сонирхуулахад, манай бөхийн өрсөлдөгч Сара Отгонжаргалын ард нь гарч 2 оноо авснаар оноо 2-0-ээр тэргүүлж эхэлсэн. Улмаар АНУ-ын бөх дахин ард нь гарч 2 оноо авч 4-0 гэсэн оноотой болж тэргүүллээ баталгаажуулсан. Шүүгч Отгонжаргалыг үснээс зулгаасан гэж 1 оноогоор торголоо. Ийнхүү барилдааны цаг дуусч 5-0-ээр Д.Отгонцэцэг ялагдлаа.
Ингэснээр Сара Анн Хилдебрандт “Парис 2024” зуны 33 дугаар олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг жингийн финалд шалгарч алтан медалийн төлөө наймдугаар сарын 8-ны 00:15 цагаас 2019, 2022 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2021 оны Азийн аварга Энэтхэгийн 29 настай Винеш Винештэй хүчээ сорин барилдахаар болов.
Харин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө мөн наймдугаар сарын 8-ны 00:15 цагаас барилдахаар болов. Түүний өрсөлдөгч нь 2019 оны Африкийн наадмын хүрэл медальт, Африк тивийн аваргын 4 хүрэл медальт Алжирын 24 настай Ибтиссем Дуду болон 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2024 оны Азийн аваргын мөнгөн медальт Хятадын 25 настай Жичи Фен нарын хэн ялсантай нь барилдах юм.