СИДНЕЙ, 2024 оны есдүгээр сарын 19 /TASS/. Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх буюу оюуны ерөнхий чадамж доройтох өвчинтэй тэмцэхэд тусалж, даамжрах эрсдэлийг бууруулдаг гэж Австралийн Перт хотод орших Эдит Коуэний нэрэмжит Их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.
Төрөл бүрийн жимс, хүнсний ногоо, түүнчлэн улаан дарс, хар шоколад, цайнд агуулагддаг флавоноид хэмээх байгалийн бүлэг бодис нь оюуны ерөнхий чадамж доройтож тэнэгрэх өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг гэж Белфаст хот дахь Хатан хааны их сургуулийн судлаачидтай хамтран ажиллаж буй Австралийн эрдэмтэд мэдэгдсэн байна. "Флавоноидоор баялаг хоол хүнсийг өдөр бүр хэрэглэх нь оюуны уг өвчин даамжрах эрсдэлийг 28 хувиар бууруулдаг" гэж судалгааг ахлан явуулсан Эдин Кэссиди хэлжээ.
Судлаачид 10 жилийн туршид 40-70 насны 120 мянга гаруй хүний хоолны орцыг судалсныхаа дараа флавоноидоор баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс тэнэгрэх өвчинд өртөх эрсдэл бага байсныг илрүүлжээ. Мөн өвчин даамжрах эрсдэлийг бууруулахад нөлөөлж буй хоол тэжээлийн гол хүчин зүйлүүд нь улаан дарс, цай, шоколад, жимс жимсгэнэ болохыг тогтоосон байна.
“Флавоноидоор баялаг хоол хүнсний өдөр тутмын хэрэглээг нэмэгдүүлэх нь одоогоор ямар ч үр дүнтэй эмчилгээ байхгүй байгаа тэнэгрэл өвчин даамжрах эрсдэлээс сэргийлж болдог гэдгийг бидний судалгаа харуулж байна” гэж Хатан хааны их сургуулийн судлаач Эми Женнингс хэлжээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, одоогоор дэлхий даяар тэнэгрэл өвчинд нэрвэгдсэн 55 сая гаруй хүн байгаа бөгөөд жил бүр 10 сая шахам шинэ тохиолдол бүртгэгддэг.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!