УИЛМИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 22 /Kyodo/. Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын удирдагчид эргийн хамгаалалтын албадын харилцан уялдааг бэхжүүлэх замаар далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Өмнөд Хятадын тэнгис болон ойр орчмын усан нутаг дэвсгэрт Хятад улс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үед энэхүү шийдвэрийг гаргасан байна.
“Quad” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг төрөлх Делавэр муж улсдаа бямба гарагт зохион байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэхдээ, Энэтхэг-Номхон далайд “бодит эерэг нөлөө үзүүлэх” нэмэлт төслүүдийг хэрэгжүүлэх болно гэлээ.
Хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдал, дэд бүтцээс эхлээд байгалийн гамшгийн уршгийг арилгах хариу арга хэмжээ, шинэ технологи зэрэг салбарт шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санаачилгуудыг тодорхойлсон байна.
Шинэ төслүүдэд ирэх жилээс эхлэн эргийн хамгаалалтын албадын хамтарсан сургуулилалт хийх, мөн бүс нутгийн бусад улс орнуудад өөрсдийн усан нутаг дэвсгэрт хяналт тавих, хууль тогтоомжийг сахиулах, хууль бус үйл ажиллагааг зогсооход нь туслах зорилгоор сургалт судалгааг өргөжүүлэх зэрэг багтжээ. “Quad”-ийн дэмжлэгийг мөн шинэ технологи, өгөгдлийн тусламжтайгаар сайжруулах ажээ.
Ж.Байден хэлсэн үгэндээ, “Бид бүх зүйлийг хэрхэн яаж хийж гүйцэтгэхээ мэддэг ардчилсан орнууд” гэдгийн онцлоод, дөрвөн улс “стратегийн хувьд урьд хожид байгаагүйгээр уялдан холбогдож байгааг” цохон тэмдэглэжээ. Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, эргийн хамгаалалтын албадын эхний сургуулилалтыг АНУ удирдан явуулахаар болсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!