УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхлаа.
УИХ-ын Д.Амарбаясгалан Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод, Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд холимог тогтолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентын даргаар сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсээд, хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал ач холбогдолтойг тэмдэглэн, энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаашид хоёр улсын парламент хоорондын ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, парламентын бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болохыг тодотгов. Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн ярьж тохирсон санал санаачилгуудыг ажил хэрэг болгоход УИХ бүхий л дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэлээ.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, түүний гэр бүл Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, монголын өвөрмөц соёлын өв, баялаг түүхтэй танилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлалд нь амжилт хүссэнийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.