Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Дээлтэй Монгол наадам”-ын нээлтийн арга хэмжээг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фрайбург хотын Соёл, олон улсын харилцаа хариуцсан Нэгдүгээр дарга Ульрих Фон Кирхбах тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр талууд хотууд хоорондын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол улсыг ХБНГУ-д сурталчлахад чиглэсэн ажлуудад хамтран ажиллах санал талаар солилцсон юм.
Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Монгол түмний их түүхийг агуулсан, эртний уламжлалтай Монгол үндэсний их баяр наадмын үеэр ийнхүү нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэнд таатай байна. Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд олон улсад Монгол Улсаа сурталчлах түлхүүр үгийг “Go Mongolia” хэмээн тогтон зарласан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3-т туссаны дагуу “Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ” зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
ХБНГУ-ын Фрайбург хотын Соёл, олон улсын харилцаа хариуцсан I дарга Ульрих Фон Кирхбах цаашид хоёр талын аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС