ТЕЛЬ-АВИВ, 2024 оны наймдугаар сарын 16 /ТАСС/. Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах асуудлаар Доха хотод болж буй зөвлөлдөөний явцад тодорхой ахиц гарсан тухай The Times of Israel сонинд мэдээлжээ.
Үүний зэрэгцээ тус сонинд хэлэлцээний явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийтлээгүй байна.
Израилын сонинд дээрх мэдээ нийтлэгдэхийн өмнөхөн Катарын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мажид бен Мухаммед аль-Ансари хэлэхдээ, Газын зурвасын асуудлаарх Катар, Египет, АНУ-ын төлөөлөгчид оролцсон зөвлөлдөөн Доха хотноо 16-ны өдөр үргэлжилнэ гэж мэдэгдсэн юм. “Гал зогсоохын тулд зуучлагч талууд тодорхой тохиролцоонд хүрэх шийдвэр төгс байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Газын зурваст гал зогсоох, ХАМАС хөдөлгөөний барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх зөвлөлдөөний шинэ үе шат пүрэв гарагт Катар улсын нийслэл Доха хотод эхэлсэн юм. Тус зөвлөлдөөнд Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд шейх Мухаммед бен Абдель Рахман Аль Тани оролцож байгаа юм. Мөн АНУ-ыг төлөөлөн Тагнуулын төв газрын захирал Уильям Бернс, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Бретт Макгерк, Израилын талаас тагнуулын “Моссад” байгууллагын захирал Давид Барнеа, Египет улсыг төлөөлөн тагнуулын албаны дарга Аббас Камел нар оролцож байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг тоймч Б:Адъяахүү