Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 357 дугаар тогтоолоор баталсан “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийн хуралдаан 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Зөвлөлийн анхдугаар хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр даргалж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн тайлангийн төслийг хэлэлцэж, гишүүд санал, мэдээллээ солилцлоо.
Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 3 дугаар илтгэлээ 2020 онд Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар хэлэлцүүлж, хамгаалсан. Түүний мөрөөр дунд хугацааны тайланг ирэх 2 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлнэ.