Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх албаны Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрийн дарга Кристен Брэдли тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрт 2022 онд нэгдэн орсон.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг ХЗДХЯ-ны харьяа Хил хамгаалах Ерөнхий газарт, үндэсний зохицуулагчийн чиг үүргийг Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанд тус тус хариуцуулсан. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Зорчигчийн мэдээллийн төвийг байгуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж, уг төвийн албан ёсны нээлтийн ёслолын арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Монгол Улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх алба хоорондын идэвхтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, Зорчигчийн мэдээллийн төв болон хууль сахиулах байгууллага хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.