БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /Kyodo/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ хяналтан дор “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын ойр орчмоос хоёрдугаар сарын сүүлчээр цуглуулсан далайн ус болон далайн амьтдын дээжээс цацраг идэвхт бодисын хэвийн бус хэмжээ илрээгүй гэж Хятад улс даваа гарагт мэдэгджээ.
Хятадын атомын эрчим хүчний газраас мэдээлснээр, дотоодын лабораториудад хийсэн шинжилгээгээр дээжид агуулагдах тритий, цезий-134, цезий-137, стронций-90 зэрэг цацраг идэвхт бодисын агууламж хэвийн байгааг тогтоосон байна. Хятадын мэргэжилтнүүд өнгөрсөн оны 10 дугаар сард цуглуулсан мэдээлэлд анх удаа дүн шинжилгээ хийсний дараа хоёр дахь удаагаа шинжилгээ хийсэн нь энэ юм.
“Фүкүшима” станцын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг 2023 оны наймдугаар сараас далайд асгаж эхэлсний дараа Хятад улс далайд асгаж буй усыг “цөмийн бохирдолтой” гэж мэдэгдэн Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон юм. Азийн хөрш хоёр улс 2024 оны есдүгээр сард Японоос далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээхээр тохиролцсон бөгөөд ингэхдээ хяналт шалгалтын ажиллагаанд Хятадын мэргэжилтнүүдийг оролцуулах болзол тавьсан байна.
Энэ оны гуравдугаар сард Токиод болсон хоёр талын эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээний үеэр олон улсын урт хугацааны хяналт шалгалт болон Хятадын талаас бие даан дээж цуглуулах ажиллагааг зөвшөөрнө гэдгээ Японы тал дахин нотолсон гэж Хятадын атомын эрчим хүчний агентлаг мэдэгджээ. Япон улсыг үүрэг амлалтаа биелүүлж, цэвэрлэсэн усыг далайд асгах ажлыг олон улсын хяналтад байлгахын тулд Хятад улс ОУАЭХА болон олон улсын хамтын нийгэмлэгтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!