Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Яармагийн хотын захиргаанаас алслагдсан байршилд амьдарч байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан ахалж ажилласан.
Ингэхдээ нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт 600 албан хаагчаас судалгаа авч, эхний ээлжийн шаардлагатай байгаа 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардуулан өглөө. Албан хаагчид улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон Нисэхийн “Сөүл гарден” хотхонд түрээс төлөхгүйгээр амьдарна. Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон батламж гардсан албан хаагчдын төлөөллөөс тодрууллаа.
Албан хаагчдад орон сууцны батламж гардуулах үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Төрийн албаны тухай хууль, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “20 минутын хот” төлөвлөлттэй уялдуулан 18 албан хаагчид орон сууцны батламж, түлхүүр гардлууллаа. Албан хаагчид нийслэлд ажиллаж байх хугацаандаа түрээс төлөхгүй орон сууцаа ашиглана. Зөвхөн ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ-ийн зардлаа л төлөөд явна. Нийслэлд мэдлэг, ур чадвараа зориулан ажиллаж байгаа ч Улаанбаатар хотын төрийн захиргааны байрнаас алслагдсан байршилд амьдарч байгаа албан хаагчдаа ийнхүү дэмжсэн бөгөөд цаашид ч орон сууц ашиглуулах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэлээ.
Орон сууцны батламж гардан авсан НХШГ-ын газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Б.Алтанзул “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар төрийн албан хаагчийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, орон сууцны батламж гардан авсандаа баяртай байна. Төрийн албанд найм дахь жилдээ ажиллахдаа анх удаа орон сууцны хөтөлбөрт хамрагдлаа. Манай гэр Сансарт байдаг. Сансараас Яармаг руу ажилдаа ирж очих хугацаагаа хэмнэж, хэмнэсэн цаг хугацаагаа гэр бүл, ажилдаа зориулах боломжтой боллоо. Хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан ажлын хэсгийн хамт олон, хотын даргад талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.
Нийслэлийн “Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын үйлчилгээний жолооч Г.Ууганбаяр “Шар хадны эцсээс Яармаг руу ажилдаа явдаг. Нисэхийн тойрогт “Сөүл гарден” хотхонд орон сууцны батламж гардан авлаа. Ажиллаж байх хугацаандаа ашиглах орон сууцандаа тохь тухтай амьдарч, тогтвортой, ур чадвараа гарган сэтгэл зүтгэлтэй ажиллана. Орон сууцны хөтөлбөрийг санаачилсан хотын дарга болон НЗДТГ-ын хамт олондоо талархаж байна” гэв.
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ажлын өрөөний үйлчлэгч Я.Жавзандулам “Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаад төрийн орон сууцны ийм сайхан хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байна. Ажлаас ойрхон орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн ажлын хэсгийнхэн болон олон жил хамтран ажилласан хамт олондоо баярлалаа” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!