Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, Улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүн, үйлчилгээг Тохирлын баталгаанд заавал хамруулахаар заасан байдаг.
Энэ нь засгийн газрын 2018 оны 291-р тогтоолоор тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалтыг баталсан бөгөөд энэ хууль тогтоомжын хэрэгжилтыг хангах үүднээс Стандарт, хэмжил зүйн газар нь бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, стандартын шаардлага хангасан эсэхийг хөндлөнгөөс тогтоох үйл ажиллагаа явуулдаг юм. Мөн тохирлын үнэлгээний тайланг бүтээгдэхүүний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тохирлын гэрчилгээ олгох эсэх шийдвэрийг гаргадаг.
Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх баталгаажуулалтын зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр боллоо.
Уг хурлаар найман аж ахуйн нэгжийн 15 нэр, төрлийн бүтээгдэхүүнд шинээр тохирлын гэрчилгээ олгох, таван аж ахуйн нэгжийн 25 нэрийн 95 төрлийн бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээг сунгахаар шийдвэрлэлээ.
Бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгох нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа бөгөөд нийлүүлэгч, хэрэглэгч, худалдан авагч талуудын хооронд итгэлцлийг бий болгох, тэдгээрийн нэр хүндийг өргөх, худалдааг хөнгөвчлөх цаашлаад үндэсний үйлдвэрийг дэмжиж бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чиглэлийн үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хэрэглэгч баталгаажсан бүтээгдэхүүнийг сонгохын тулд стандартын дагуу тавигдсан хаяг шошгоос иргэд уг бүтээгдэхүүний талаарх үнэн зөв мэдээллийг авахаас гадна эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Харин аж ахуй нэгж байгууллагууд бүтээгдэхүүний хаяг шошгон дээр тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийхээ баталгаажуулалтын тэмдгийг заавал байршуулах үүрэгтэй. Энэ нь хэрэглэгчийг сонголт хийхэд нь тусалж байгаа хэрэг юм.