Даблью Эм Майнинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсад холбогдох хөрөнгө оруулалтын маргааныг хянан шийдвэрлэх арбитрын хурал Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон ДиСи хотноо байрлах Дэлхийн банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төв дээр 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Уг хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцов.
Даблью Эм Майнинг ХХК нь Америкийн Нэгдсэн Улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд Монгол Улсын эсрэг Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд 1994 онд байгуулсан хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 2021 онд арбитрын маргааныг үүсгэсэн юм. Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгээс нэхэмжлэгчийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг судалж, холбогдох тайлбар, нотлох баримтыг гарган шаардлагыг няцааж, Засгийн газрын байр суурийг хамгаалж ажиллалаа.
Арбитрын бүрэлдэхүүнд Даргалагч арбитрчаар Эдуардо Ж.Зулета, арбитрчаар Альберт Яан ван ден Берг болон Стефен Л.Драймер нар ажиллаж байгаа бөгөөд хуулийн зөвлөхөөр Монгол Улсыг олон улсын хуулийн фирм болох “Херберт Смит Фрийхиллс”, Даблью Эм Майнинг компанийг Канадын Улсын “Мак Миллан“ хуулийн фирм тус тус төлөөлөн ажиллаж байна.
Арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ тодорхой хугацааны дараа гаргах бөгөөд уг шийдвэрийг Хөрөнгө оруулалтын маргаан хянан шийдвэрлэх олон улсын төвийн дүрмийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлэх ажээ.
Эх сурвалж: ХЗДХЯ