Mонгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г батлан гаргалаа.
Аливаа бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаа нь улс оронд хүний эрхийг хангах үндэсний механизмын нэг бүрдэл хэсэг мөн бөгөөд энэ ч үүднээс хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй.
Анхдугаар үйл ажиллагааны төлөвлөгөө нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилтын хүрээнд холбогдох хууль, эрх зүйн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогын арга хэрэгслээр дэмжих, үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийх, болзошгүй сөрөг нөлөөллийг илрүүлэх, арилгах чадавх, хөрс суурийг бэхжүүлэх, мөн зөрчигдсөн эрхийг шүүхийн болон шүүхийн бус журмаар сэргээх тогтолцоог бэхжүүлэхэд нэн тэргүүнд чиглэх юм.
Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд өгсөн зөвлөмжийн дагуу НҮБ-аас 2011 онд баталсан “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явцыг 2019 онд эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөө ийнхүү батлагдсанаар Монгол Улс хүний эрхийг хангах, хамгаалах талаар үндэсний хэмжээнд болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд нэг шат урагшилж байна.
Төлөвлөгөөг Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” төсөлтэй хамтран 2021-2022 онд зохион байгуулсан 20 гаруй салбарын болон бүсчилсэн хэлэлцүүлэг, 100 орчим аж ахуйн нэгжийг хамруулсан түүвэр судалгаа, түүний дүнд гарсан бизнесийн салбарт хүний эрхийг хангах суурь орчин нөхцөлийг үнэлэх, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг тодорхойлох суурь судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан.
Суурь судалгаа хийж гүйцэтгэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төв (Бангкок), Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Европын Холбоо, “Бизнес ба хүний эрх” төслийн баг болон Ажлын хэсгийн гишүүд оролцон ажилласан болно.