Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлыг өнөөдөр Шадар сайд С.Амарсайханы удирдан хуралдуулж холбогдох асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцжээ.
Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга болон нарийн бичгийн дарга нар оролцсон байна.
Баяр наадмын комиссын энэ өдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо 50 хувь, хурдан морины салбар хороо 45 хувь, сурын салбар хороо 50 хувь, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо 50 хувь, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо 50 хувь, хэв журмын салбар хороо 87 хувь, төрийн ёслолын үйлчилгээний салбар хороо 50 хувь, шагайн харвайн салбар хороо 30 хувь, хэвлэл мэдээллийн салбар хороод ажлаа тайлагнав. Наадмын бэлтгэл ажил болон Үндэсний баяр наадмын санхүүжилт, бусад чиглэлээр мэдээлэл өглөө.
Наадмаар үйл ажиллагаа явуулах худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, нийтийн хоолны чанар стандарт эрүүл, аюулгүй байдалд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах, үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын хяналтын хийх хугацааг тодорхой болгон зохион байгуулах, баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 25-ны өдөр гэхэд бэлэн болгохыг Шадар сайд С.Амарсайхан салбар хороодын дарга нарт үүрэг чиглэл өгч, ирэх долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлээд явна гэдгээ онцоллоо.