Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречкатай уулзалт хийв.
Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 5 дугаар сард Чех Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Шадар сайд Мариан Юречкатай Прага хотноо уулзаж байсан бөгөөд өмнө нь тохиролцсон ажлууд биелэлээ олж, бодит үр дүн гарч байгааг тэд тэмдэглэлээ.
Тухайлбал, хоёр орны харилцаа боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр тэлж байгааг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 30-60 монгол оюутан Чехийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломж нээгдээд байгаа, Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа зэргийг онцолж сайшаав.
Уулзалтаар Монгол, Чехийн уламжлалт найрсаг хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх талаар ярилцаж, тэдгээрийг урагшуулахад хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан чухал үүрэгтэйг онцоллоо.
Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка 2023 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж буй бөгөөд энэ үеэр Улаанбаатар хотноо болох Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаан, Монгол-Чехийн бизнес форум зэрэг арга хэмжээнд оролцох юм.