Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта, Сурабаяа хотод суугаа Өргөмжит Ерөнхий консул Т.Гозали-г 2023 оны 11 дүгээр сарын 15-нд хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Индонез Улстай уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтын нэг болохыг онцлоод Монгол, Индонезийн найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Өргөмжит Ерөнхий консул Т.Гозали-гийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласны хүрээнд манай улсыг Индонези Улсад сурталчлах, аялал жуулчлалын хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, мөн хоёр улсын соёл, уламжлалыг харилцан сурталчлах зорилгоор урлаг, соёлын үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах, бүтээлч урлагийг сурталчлахад Өргөмжит консул Т.Гозали-г үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг хүсэв.
Т.Гозали нь 2009 оноос Монгол Улсаас Индонез Улсад суугаа Өргөмжит Ерөнхий консулын үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тэрээр Монголын оюутан залуусыг Индонезийн их дээд сургуульд сургах, манай улсыг Индонез Улсад сурталчлан таниулах, Бантэн муж дахь Монголын соёлын төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.